Өнгөрсөн Бямба гараг буюу хоёрдугаар сарын 23-нд “Мишээл Экспо” төвд  Үндэсний аварга шалгаруулах “Робокон 2019” нэгдүгээр шатны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Хасагдах шатны энэ тэмцээнд нийт 9 сургуулийн 21 баг оролцож онооны жагсаалтаар дараагийн шатны тэмцээнд 16 баг оролцох эрхээ авлаа. Тойргийн системээр нийт 63 тоглолт болсноос Төмөр замын дээд сургуулийн “Railbot” баг 570 оноотойгоор тэргүүлж, 480 оноотойгоор ШУТИС МХТС-ийн “Цахим алт” баг, 300 оноотойгоор Шинэ Монгол Технологийн Коллежийн “NewRobo” баг тус тус удааллаа. Энэ удаагийн тэмцээн урд, урьдын жилүүдээс зохион байгуулалт сайтай байгааг тэмцээнд оролцогч багууд хэлж байсан юм. Тухайлбал сайн дурын оюутан, залуус баг бүрт хөтөчөөр ажиллаж, тэмцээнийг эмх цэгцтэй шуурхай явуулахад тусалж байсан нь олны талархлыг хүлээж байлаа. Эдгээр гадаад хэлний мэдлэгтэй сайн дурын баг олон  улсын тэмцээнд гадаадын баг тамирчдын туслах, хөтөч гишүүнээр мөн ажиллах юм. Тиймээс тэд тэмцээний дүрэм журамтай эртнээс танилцаж үндэсний аварга шалгаруулах тэмцээнд туршлага судлахаар ажиллажээ.  Ингэж олон улсын стандарын дагуу роботын тэмцээнийг зохион байгуулахад МҮОНРТ хичээн ажиллаж байгаа нь тэмцээний үеэр харагдаж байсан юм. Ирэх дөрөвдүгээр сарын 27-ны өдөр “Робокон 2019” Үндэсний аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт болох бөгөөд аваргаар тодорсон 2 баг ирэх наймдугаар сард болох олон улсын роботын тэмцээнд эх орноо төлөөлж оролцоно.

  

  

    

 

 

 

 

 

С.Бэлгүүнзаяа

Share: