ABU

   Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо

Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо нь дэлхийн хамгийн том өргөн нэвтрүүлгийн сүлжээ байгууллага юм. Энэ холбооны гишүүдийн өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр тухайн бүс нутагт 3 тэрбум хүн нэвтрүүлэг хүлээн авах боломжтой. Тус холбоо нь 1964 онд бүс нутгийн өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх зорилготойгоор ашгийн бус, төрийн бус, улс төрөөс хараат, мэргэжлийн холбоо гэсэн статустай байгуулагдсан.  

ABU нь телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг эрхлэгчдийн ашиг сонирхолыг дэмжих, бүс нутгийн болон олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилладаг. Сүүлийн арван жилд тус холбоо нь нийгмийн хөгжил, улс үндэстэнийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг ашиглаж буй дэлхийн том төлөөлөгч болж чадсан юм. ABU нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах компанит ажлыг амжилттай зохион байгуулсаны дээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн бэлэн байдалд олон тооны засгийн газрууд, олон улсын байгууллагуудын дэмжлэгийг авч ажиллаж байна.

Өнөөдөр Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо нь  дөрвөн тивийн 76 улс оронд 272 гишүүнтэй болсон. Тус холбоо нь “Asiavision” телевизийн мэдээллийн хөтөлбөрийн солилцоо, үйлдвэрлэл, хууль эрх зүй, менежментийн зөвлөх үйлчилгээ, олон улсын бага хурал, төлөвлөлт зохицуулалт түүнчлэн аж үйлдвэр гэсэн өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Мөн холбоо нь спортын томоохон арга хэмжээнүүдийн эрхийг хэлэлцэж бүс нутгийн хэмжээнд тэдний хамрах хүрээг зохион байгуулдаг. Түүнчлэн Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны нэр хүнд бүхий шагналуудтай телевиз, радиогийн дууны их наадмыг жил бүр зохион явуулж байна.  ABU вэб сайт болон ABU News, ABU Technical Review зэрэг улирал тутмын хэвлэлүүдийг эрхлэн гаргаж мэдээллийг цаг тухайд нь хүргэн ажилладаг. ABU нь Дэлхийн Өргөн нэвтрүүлгийн Холбооны гишүүн бөгөөд өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын  үйл ажиллагаа, өргөн нэвтрүүлгийн техникийн стандарт, үйл ажиллагааны уялдаа, системийг зохицуулах, өргөн нэвтрүүлгийн гэрээг эцэслэх зэрэг нийтлэг асуудлын талаар бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбоодтой нягт хамтран ажилладагаараа онцлоготой.

 

Орчуулагч, редактор: С.Бэлгүүнзаяа