ABU Robocon 2019 Ulaanbaatar” Олон улсын роботын тэмцээний ерөнхий шүүгч Ө.Батбаяртай ярилцлаа.

       Таныг оюутан байхдаа Робокон тэмцээний үндэсний аваргаар хэд хэдэн удаа шалгарч Монгол Улсаа төлөөлөн ОУ-ын тэмцээнд амжилттай оролцож байсан гэж дуулсан. Энэ тухай яриагаа эхэлье?

Би хоёрдугаар курсийн оюутан байхаасаа эхлээд робокон тэмцээнтэй холбогдсон. Оюутан байх хугацаандаа хоёр удаа үндэсний тэмцээнд хоёрдугаар байрт орж байсан. Харин сургуулиа төгсөөд МУИС-ийн Мэдээлэл технологийн сургуульд багшаар ажилд орсон. Түүнээс хойш оюутан байх үеийн мөрөөдлөө биелүүлээд робокон тэмцээнд баг удирдаж 5 удаа үндэсний роботын тэмцээний аварга, 1 удаа хоёрдугаар байрт мөн 1 удаа гуравдугаар байрт орж байсан. Нийтдээ 9 удаа баг удирдаж орж байлаа.

Таны анхны оролцсон тэмцээн аль улсад болж байв. Олон улсын тэмцээнд явахад ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

Мэдээж сайхан байлгүй яахав. Вьетнам улсын Ханой хотод миний анхны тэмцээн болж байлаа. Яг өмнөх жил нь манай сургууль үндэсний аварга багаар шалгарч байсан. Би ШУТИС-ийн Холбоо мэдээллийн сургуулийг төгссөн л дөө. Тэр жил манай сургууль аваргаар шалгарсан ч манай баг биш сургуулийн маань өөр нэг баг түрүүлсэн юм. Тухайн жил манай баг түрүүлээгүй ч манай сургууль түрүүлсэн болохоор маш баяртай байсан. Гэхдээ хувь хүний зүгээс бол өөрөө яг аваргын цомыг өргөж үзэхсэн гэсэн хүсэл мөрөөдөл бол байсан.  Тэгээд 2007 онд сургуулиа төгсөөд дараа жил нь багш болоод оюутнууд удирдаад үндэсний аваргаар шалгарч олон улсын тэмцээнд оролцоход их сайхан байсан. Биднийг очдог жил Вьетнам улс анх удаа робокон тэмцээнийг зохион байгуулж байсан юм. Маш өндөр төвшинд зохион байгуулагдсан тэмцээн байжээ гэж одоо бодогддог. 

  

Анх робот бүтээгээд олон улсын тэмцээнд очиж байхад бусад орны оюутнуудын робот манай залуусын роботтой харьцуулахад ямар байсан бэ? Ялгаа хэр байв?

Анх би 2005 онд Хятадын Бээжин хотод болсон олон улсын роботын тэмцээнийг багш нартайгаа очиж үзэж туршлага судлахаар явсан. Тэнд очоод бид юугаар ч дутахгүй робот бүтээж чадахаа харсан. Тэгээд 2006 онд манай сургууль үндэсний ялагч болоод Малайзад болсон роботын тэмцээнд эх орноо төлөөлж бас оролцож байлаа. 2009 он магадгүй 2010 он хүртэл бид нар айх-тар хоцрогдсон байгаагүй. Харин уржнан жил 2017 онд манай баг Токиод болсон ABU Robocon тэмцээнд оролцсон юм. Тэнд очиход бид нар үнэхээр хоцорсон байгаа нь харагдсан. Бид нар үнэхээр хөгжөөгүй байна. Гараа нь дээрээс бүгд адилхан эхэлсэн. 2006, 2007, 2008 онд бүгд адилхан л байсан. Гэтэл 2017 он гээд ороод ирсэн чинь Монголчууд хэвээрээ гадны улсууд маш өндөр төвшинд хөгжсөн байсан.

Хөгжихгүй байгаагийн шалтгаан нь юундаа байна? Эдийн засаг, ивээн тэтгэгч гүйгээс болоод байна уу эсвэл залуучуудын сэтгэлгээ задарч өгөхгүй байна уу? Та яаж харж байна вэ?

Би их сургуулийн судалгааны чиглэлээр ажилладаг багш хүн учраас энэ тал дээр дүн шинжилгээ хийж залруулах юмсан гэж боддог. Яг энэ асуудал нэгдүгээрт зөв бодлоготой хамааралтай. Тухайн бодлогыг хэрэгжүүлье гэхээр санхүүтэй холбоотой. Түүний дараа тэр бодлого байгаад санхүү мөнгө нь байгаад тэрийг хэрэгжүүлэх оюутан залуусын потенциал мэдлэг чадвартай холбоотой. Үндсэндээ энэ гурван хүчин зүйлээс хамаарч байгаа юм. Яг эрэмблээд энэ нэгт, энэ хоёрдугаарт гэх бас хэцүү. Гурвуулаа хамт байж   хөгжинө. Би олон жилийн туршлагаас харж байхад бид нарын сэтгэлгээ арай жоохон өөр байна л даа. Бие биенээсээ юмаа нуудаг, хаадаг, бие биетэйгээ юмаа хуваалцдаггүй. Өөрийнхөө хийсэн жижигхэн санаагаа хамгийн мундаг гэж боддог. Энэ сэтгэлгээ ийм хүмүүжил нь хамгийн түрүүнд хойш нь татаж байна. Би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр олон удаа олон улсын тэмцээнд оюутнуудаа аваад явж байлаа. Манай оюутнуудын хийсэн санаатай адилхан аргаар хийсэн роботууд ч байсан. Илүү ч хийсэн роботууд байсан. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр тухайн хүүхдийн гаргасан санаа шийдэл бол хамгийн мундаг гэсэн үг биш. Тэрийг бид нар хөгжүүлэх ёстой. Цаашаа улам дэлгэрүүлэх ёстой.  Үнэнийг хэлэхэд Монголд яг лабораторийн системээр ажилладаг их сургуулийн институт гэж юм байхгүй байна. Лаборатори гэдгийн цаана юу явдаг вэ гэхээр нөгөө мэдлэгийн өв уламжлал юм. Нэгнийхээ хийсэн роботыг дараа жил нь хүүхдүүд судлаад цааш нь сайжруулах ёстой. Тэр систем манайд байхгүй байна. Нэг жил робот хийсэн хүүхэд дараа жил нь хаяад явчихна. Дараа нь орж ирсэн хүүхэд нь яг адилхан тэрийг нь хийх гэсээр байтал хөгжүүлж чадахгүй дөнгөж нөгөөдөхөө сураад л дуусна. Тэгэхээр бид нар нэг л шатанд дээрээ зогсоод байна гэсэн үг. Эдгээр асуудлууд нь бас санхүүжилттэй холбогдоно. Лабораторийн систем ажиллуулах байнгын санхүүжилт байхгүй байна. Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд маш их мөнгө шаарддаг шүү дээ. Олон улсын тэмцээнд очоод багуудтай уулзаж байхад тэдний роботууд 20-30 мянган доллар аар бүтдэг жишээний.  Гэтэл бид 2-3 сая төгрөгөөр хийдэг байх жишээтэй. Нэг иймэрхүү байдалтай байна.

      

Үнэхээр ивээн тэтгэгч нь олдоод, өөрийн тань яриад байгаа лабораторийг бий болгоод бодлогын хэмжээнд хэрэгжүүлчих юм бол манай залуучуудад дэлхийд өрсөлдөхөд хангалттай потенциал нь байна уу?

Потенциалын хувьд би ингэж боддог. Бид нар өөрсдийгөө хөөрөгддөг шүү дээ. Монголчууд хаана ч очоод үзүүлээд өгнө гээд. Ер нь бол ямар ч хүнд хичээл заагаад мундаг болж болно. Гэхдээ шууд бэлтгэгдсэн хүн их сургуульд орж ирдэг үү гэвэл үгүй. Яг үнэн шударга хэлбэл сүүлийн жилүүдэд арван жилээс тийм мундаг потенциалтай хүүхэд орж ирж чадахгүй байна. Бид нар тэр дээр одоо ажиллаж байна. Шүүмжлэхээсээ илүү энийг яаж шийдэж болох вэ гэдэг дээр ажиллаж байна. Сургалтын төв хүртэл нээлээ.  Сургалтын материал бэлдээд л явж байна.

Зөвхөн танай сургуулийн хэмжээнд үү?

Үгүй.  ШУТИС, МУИС-ийн багш нар нийлээд Зохион бүтээгчдийн академийг байгуулж шинжлэх ухааны суурь мэдлэгийг хүүхдүүдэд ойлгуулж, түүнд сонирхолтой болгох тал дээр ажиллаж байна. Энүүгээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр потенциал мэдээж бий. Монгол хүүхдүүд нэг гадны их дээд сургуульд очоод сурахад хэний ч доор орохгүй. Сайн сураад манлайлагч болоод л ирдэг.  Гэтэл яагаад Монгол гадаадынхан шиг хөгжихгүй байна вэ гэхээр арван жилээсээ шинжлэх ухааны суурь мэдлэггүй хүүхдүүд их сургуульд орж ирж байна. Суурь мэдлэгээ авах гэсээр байтал бид чинь мэргэжлийн хичээлээсээ хоцрогдчихдог.

  

Та залгамж халаа муу байна гэлээ. Харин ч манай залуус хойч үеийнхээ дүү нартаа робот бүтээхэд нь зааж зөвлөөд яваа харагддаг шүү дээ?

Яг шинжлэх ухааны залгамж халаа гэдэг бол өөр хэрэг. Бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй юм л даа. Бидний ярьдгаар өгүүлэл хэвлүүлэх юм. Ямар нэгэн баримтаар тайлагнах хэрэгтэй. Одоо бид нарын хийгээд байгаа чинь ам дамжсан монгол маягийн ажил, ам дамжсан яриа чинь худлаа ч болж магадгүй, шал өөр ч болж мэднэ. Магадгүй зөв ч явж болно.

Тэгэхээр таны гол санаа нь залуус роботынхоо схем зураглал, механизмыг гаргаж бид энэ дээр ингэж алдсан, цаашид ингэж сайжруулах боломж бас бий гэсэн шинжлэх ухаан ч тайлан үлдээх хэрэгтэй гэсэн үг үү?

Яг тийм. Тайланг цаасан дээр буулгасан байх ёстой. Бид нар хэл шинжлэлийнхээ хичээлийг маш муу үздэг юм байна.  Хүүхдүүдийн бичиг баримт хөтлөлт ч маш муу байна. Ерөөсөө бичиж чадахгүй орж ирж байна. Тэгээд л аман маягаар тайлагнаад явдаг. Уг нь шинжлэх ухаанч байдлаар тэмдэглэл хөтөлдөг байх юм бол жинхэнээсээ энэ өв уламжлал. Хожим тэр хүн байсан байгаагүй хийсэн ажилтай нь уншаад танилцчихна. Тухайн хүний мэдлэг нь цаасанд дээр үлдэнэ гэсэн үг.

МҮОНРТ-ийн Робокон тэмцээнийг зохион байгуулах хороо Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг гурван үе шаттай зохион байгуулж байна. Өнгөрсөн сорил тэмцээний үр дүн хэр байв. Залуус нэгнээсээ суралцаж чадаж байна уу?

Энэ жил олон улсын тэмцээнд зохион байгуулагчаар хамтран ажиллах ийм сайхан боломж гарсан болохоор бодож явсан зүйлүүдээ хэрэгжүүлж байна. Үүнийг нэг нь 3 үе шаттай тэмцээн зохион байгуулах. Хүүхдүүдийн хооронд нь санааг нь уралдуулъя, хор шарыг нь малтая гээд үе шаттай тэмцээн зохион байгуулж байна.  Манай оюутнууд одоо нэгнээсээ нуух хаах юм байхгүй бүгд санаа шийдлээ фэйсбүүк хуудсан дээр тавьчхаж байна. Би нэг ийм юм хийлээ гэж болж байна уу, үгүй юу гээд шууд асуудаг болжээ. Санаа туршлагаа одоо ярьдаг болжээ. Энэ бол дэвшил. Бид 12-р сард сорил тэмцээн зохион байгуулсан. Тэр үед орж ирсэн роботууд одоо бол шал өөр төвшинд хүрсэн. Маш сайн сайжирч байгаа. Анхныхаа санаагаа хүнээс нуугаад хүнд үзүүлээгүй явж байсан бол тэр санаатайгаа явсаар байгаад үндэсний роботын тэмцээнд ороод ирнэ. Муу санаатай, муу шийдэлтэй тэмцээнд ороод амжилт үзүүлэхгүй. Харин залуус робот бүтээсэн санаа шийдлээ хэлэлцсэнээр яаж сайжруулахаа ойлгоод авчихлаа. Дараагийн тэмцээнд сайжруулаад ороод ирж байна. Энэ мэт давуу талуудаас харахад бидний ажил үр дүнгээ өгч байна гэж дүгнэж байна.

  

Үндэсний тэмцээн зохион байгуулахаас өмнө техникийн зөвлөгөөнийг хэд хэдэн удаа хийсэн. Оюутан залуус юуг их лавлаж асууж байна вэ?

Энэ жилийн дүрмийн хувьд бол нэг л том асуудал яригдаж байгаа тэр бол дөрвөн хөлтэй робот.Дөрвөн хөлөөр алхах янз бүрийн шийдэл байгаа. Хүн төрөлхтөн үүнийг маш олон талаас нь судлаад хийсэн олон аргачлал байдаг. Тэрний аль нэгийг нь дуурайгаад хийж болно. Эсвэл аль нэг аргыг нь аваад сайжруулж болно. Энэ бол нээлттэй. Цоо шинэ юм бид угаасаа зохиож чадахгүй. Хүүхдүүдийн шийдэж чадахгүй зүйл нэг асуудал бол байршлаа олох. Дөрвөн хөлтэй роботын талбай дээрх байршлыг олох маш хэцүү болчихоод байгаа юм.

Энэ дээр ямар гаргалгаа гаргав? Хүмүүс сонирхож байгаа байх л даа. Яаж дөрвөн хөлөөрөө морь шиг явах вэ? Байршлаа хэрхэн олох вэ гээд. Механизмын тал дээр тайлбарлаж болох уу?

Дөрвөн хөлөөрөө явна гэдэг бол хоёр хөл дээр явахаас харьцангуй амар. Харин дөрвөн хөлөөрөө хурдан явна гэдэг асуудал. Давхина гэдэг ч юм уу, үсэрнэ ч гэдэг юм уу тиймээ. Ерөнхийдөө давхина гэдэг бол агаар дээр үсрэлт хийнэ гэсэн үг. Хүн ч гэсэн хэцүү агаар дээр өөрийн тэнцвэрийг олоод буцаад бууна гэдэг. Тэгэхээр үсрэхээсээ илүү буух нь хамгийн том бодлого болж ирж байгаа юм. Энэ бодлогыг бид нар ерөнхийдөө шийдчих юм бол хурдтай давхидаг робот хийх боломж гарч ирж байгаа гэсэн үг юм.

Олон улсын робокон тэмцээний сэдэв болгон жил бүр харилцан адилгүй байдаг. Энэ жил анх удаа дөрвөн хөлтэй роботоор өрсөлдөх дүрмийг Монголчууд зохиосон. Мөн Гэрэгэ дамжуулах, шагай орхих сэдвийг сонголоо. Дүрмийнхээ зорилгын талаар яривал?

Мэдээж хэд хэдэн санаа зорилго бий.  Хамгийн эхэнд бид өөрсдийнхөө өв соёл түүхийг дэлхий нийтэд зөвөөр таниулах ёстой. Чингис хаанаа бид зүгээр цээжээ дэлдэн магтан биш яагаад агуу байсан юм бэ гэдгийг харуулах хэрэгтэй. Тухайн үед өртөө систем бол мэдээ дамжуулах маш оновчтой аргачлал байсан. Ийм бүтээлч сэтгэлгээг ашигладаг байсан гэдгийг харуулахыг зорьсон. Дараагийн нэг зүйл бол Гэрэгэ.  Энэ бол дипломат харилцааг нэг төвшинд ахиулсан одоогийнхоор паспортыг бий болгосон шинэлэг зүйл байсан. Тийм учраас энэ бүгдийг таниулъя гээд манай баг 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.  Дараа нь манай Монголчуудын ахуй соёл  хамгийн чухал байсан. Монголчууд морио дээдлэнэ. Мөн  шагай наадгай байна. Одоо орчин үеийн хүүхдүүд тоглохоо больчихсон байх. Тэрнээс биш 90 оноос өмнөх хүүхдүүд бүгд л шагай тоглож өссөн шүү дээ. Энэ гоё уламжлалаа орчин үеийн хүүхүүдэд  бас дахин нэг сануулая гэсэн байдлаар энэ дүрмийг гаргасан юм. За мөн робоконы 18 жилийн түүхэнд хэзээ ч дөрвөн хөлтэй робот өрсөлдөж байгаагүй. Тэгэхээр бид нар дөрвөн хөлөөрөө алхах даалгавар өгье гэж шийдсэн. Энэ бол робоконы түүхэнд нэг  шат ахиулсан дүрмийг бид зохиосон.

  

Тэгэхээр гадаадын оролцогч нарт нэлээд чамгүй даалгавар оногдож байна гэсэн үг үү?

Тийм ээ. Ер нь маш хэцүү даалгавар гэсэн үг. Үүнийг юунаас харж болох уу гэхээр тухайн жилийн даалгавар өгөгдөөд л 10,11,12 сараас эхлээд ютүүбд роботуудын бичлэгүүд нь тавигдаад л эхэлдэг. Багуудын туршилтын тоглолтын бичлэгүүд тавигддаг. Гэтэл одоо болтол тийм бичлэг тавигдаагүй байна. Яа хав туршилтын бичлэг ирж байгаа л даа. Харин бүтэн тоглолтын бичлэг одоогоор байхгүй байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр бид нар нэг шинэлэг зүйл гаргаж ирсэн байна. Даалгавар оролцогчдын хувьд хэцүү байгаа.  

Таны хувьд хамгийн хүнд даалгавартай роботын тэмцээн аль улсынх байв?  

Хамгийн хүнд гэдэг нь харьцангуй ойлголт л доо. Хамгийн хүнд гэхээсээ илүү хамгийн төвөгтэй гэе. Бүх жилүүдийн тэмцээнээс хамгийн төвөгтэй даалгавартай тэмцээн бол 2017 оных байна.  Хүндийн төв нь янз бүр парлоноор хийгдсэн нисдэг тавгыг тавцангууд дээр тогтоох даалгавар. Тэр тавцангууд нь ямар ч хашлага юу ч байхгүй. Цулгуй тавцан дээр тогтоох ёстой. Тэр бол маш их төвөгтэй байсан. Нисдэг таваг гэдэг чинь эргэлт, хүндийн төв, агаарын урсгал гээд маш олон зүйлээс хамаарна. Үүний нэг жишээ гэх юм бол олон улсын тэмцээнд оролцсон Хятадын баг бол туршилтын үед бараг л аваргын төлөө гарч ирэх оролцогчдын нэг байсан. Хятадын баг хамгийн хурдан цэвэр хожил хийж байсан ч яг тэмцээний үеээр хоёр хожигдоод мултарчихсан. Тэр юунаас хамаарсан гэхээр зааланд 3000 үзэгч орж ирж суугаад агаар нь халаад агаарын урсгал нь өөрчлөгдсөнтэй холбоотой байсан.  

Тоглолтыг ер нь амжилттай гүйцэтгэхэд роботын чанар чансаанаас гадна багийн тактикийн асуудал байгаа байх тийм үү?

Робоконы дүрэм 2009 оноос эхлээд өөрчлөгдсөн. Тэр нь юу вэ гэхээр багууд нэг талбай дээр тоглохоо больчихсон. Хоёр тусдаа талбай дээр тоглож даалгаврыг хэн сайн гүйцэтгэсэн нь хождог хэлбэрт орсон. Хоёр баг хоорондоо үзэхгүй гэсэн үг л дээ. Тийм болохоор тактикийн асуудал харьцангуй гайгүй болчхож байгаа юм. Хамгийн гол нь үйлдлийг хурдтай найдвартай гүйцэтгэх шаардлагатай.

Манай орны залуучууд 18 жил тасралтгүй Үндэсний роботын тэмцээнийг зохион байгууллаа. Олон улсын тэмцээнд оролцлоо. Тодорхой хэмжээний амжилт гаргаж байна. Цаашид аваргын цомыг авахад юу дутаад байна вэ?

Нэг юм хэлэхэд бол Робокон тэмцээнд азаар түрүүлдэггүй. Тийм боломж байхгүй. Тэгэхээр бид нарт маш урт удаан хугацааны хөдөлмөр шаардлагатай. Хэрвээ робокон тэмцээнд Япон, Хятад эсвэл Вьетнамыг даваад гарч ирье гэх юм бол бид нар маш их шаргуу хөдөлмөрлөх ёстой. Монгол улс робоконы түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан нь шөвгийн дөрөвт үлдсэн явдал. ШУТИС-ийн Механик Инженерийн сургууль 2004 онд, түүний дараа шөвгийн наймд манай Монголын баг хэд хэдэн удаа үлдэж байсан түүхтэй. Ер нь шөвгийн наймд үлдэнэ гэдэг бол Ази номхон далайн бүсийн орны хорин гаруй улсын дунджаас арай дээгүүр явж байна гэсэн үг.

Монгол улсад анх удаа олон улсын роботын тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэ тэмцээний ерөнхий шүүгчээр анх удаа Монгол залуу ажиллах гэж байна гээд олон сайхан зүйл энэ жил тохиох нээ. Таны сэтгэгдэл ямар байна. Мөн тэмцээний зохион байгуулалтын ажил ямар шатандаа явагдаж байна вэ?

Мэдээж энэ нэр хүндтэй ажлыг хийж байгаад сэтгэгдэл маш өндөр байна. Нэгдүгээрт энэ бол маш том хариуцлага, хоёрдугаарт надад хүлээлгэсэн маш том итгэл юм. Манай үе үеийн робокончдын итгэл дээр би энэ ажлыг авсан. Эргээд энэ  надад маш том хариуцлагын асуудал болж байгаа юм. Шүүгч хүн гэдэг бол шударга байх ёстой. Энэ зарчмыг баримтлахаар маш их хичээж байна. Зохион байгуулалтын тал дээр бид нар одоо ид ажиллаж байна. Ер нь хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийгээд явж байгаа. Харин нэг асуудал байгаа нь санхүү. Энэ асуудал яг зуун хувь тодорхой болчхоогүй байна. Санхүүгээс хамааралгүй ажлыг бид нар хуваарийн дагуу урагшлуулаад явж байна. Одоо энэ санхүүжилтийн асуудлаа шийдчих юм бол бидэнд бол гацаад байх юм огт байхгүй.

  

Санхүүжилтээ хэрхэн яаж бүрдүүлэх гэж байна вэ?

Бид БСШУСЯ санхүүжилт дээр нэлээн хүчтэй оролцоосой гэж хүсч байна. Энэ нь нэг  талаасаа гадны улсуудад Монгол улс инженер технологийн хөгжил, залуусынхаа боловсролд анхаарч байна гэдгийг харуулах хэрэгтэй. Нөгөө талаас манайд хамгийн их үндэсний орлогийг бүрдүүлж байгаа салбар бол уул уурхай, үүрэн операторууд болон ай ти компаниуд байна. Эдгээр компаниуд мэдээж бас оролцоосой гэж хүсч байгаа.  Яагаад вэ гэхээр инженерийн сургууль төгссөн залуучууд тэдгээр компанид орж ажиллаж байна. Тэгэхээр инженерийн салбараа дэмжинэ гэдэг маань эргээд тэр компаниудын ажиллах боловсон хүчнийг бэлтгэх сайн юм болно гэсэн үг. Робокон тэмцээнд оролцож байсан гээд танилцуулга дээрээ ганц өгүүлбэртэй хүн Япон улсад маш их үнэлэгдээд явчихдаг. Эндээс харахад робокон оюутан залууст юу өгдөг вэ гэдгийг бол тэр олон том компаниудтай үйлдвэрлэгч улс хараад мэдээд байна. Тийм учраас манай Монголын компаниуд ч гэсэн робот бүтээгч залуусаа дэмжих хэрэгтэй гэж бодож байна.

Хоёрдугаар сарын 23-нд Үндэсний аварга шалгаруулах тэмцээний эхний шат эхлэх гэж байна. Ярилцлагын  төгсгөлд оюутан залуустаа хандаад захиж хэлэх юу байна вэ?

Робот хийнэ гэдэг бол яг л хүүхэдтэй ажиллаж байгаатай адил. Маш их сэтгэл гаргасан, маш их цаг зарцуулсан робот л сайн ажилладаг. Тэгэхээр оюутан залууст би юу гэж зөвлөх вэ гэхээр эхлээд чи ямар ч байсан үйлдлээ бүтэн гүйцэтгэдэг робот бүтээ, дараа нь хурдан болгох тал дээр ажилла. Манайхан нийгмээрээ нэг хандлагатай байдаг л даа. Шууд өөрсдийгөө Америктай харьцуулаад л өндөр технологи яриад л явчихдаг. Тийм биш ээ бид  бол дөнгөж хөлд орж байгаа хүүхдүүд. Эхлээд бид алхаж сурах хэрэгтэй дараа нь гүйнэ гэдгийг хэлье. Тэгээд нийт оюутан залуустаа робот бүтээх ажилд нь амжилт хүсч олон улсын тэмцээнд амжилт гаргаарай гэж ерөөе!

Танд баярлалаа бас амжилт хүсье!

 Ярилцсан: С.Бэлгүүнзаяа

Share: