Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Монголд анх удаа “ABU Робокон-2019” олон улсын роботын тэмцээнийг зохион байгуулахаар болсон. 18 дахь удаагаа болж буй энэ тэмцээнд 18 орны 19 баг оролцоно. Тэр дунд роботын технологиор дэлхийд тэргүүлж буй Япон, БНСУ, БНХАУ зэрэг орны баг багтаж байгаа юм.

“ABU Робокон” тэмцээний ерөнхий зохион байгуулах хорооны дарга Араи Томохиса, NHK телевизийн продюсер Ёшида Такүши нараас ирэх наймдугаар сарын 23-26-нд болох “ABU Робокон-Улаанбаатар” тэмцээний талаар зарим асуултад хариулт авлаа.

 

Араи Томохиса
Араи Томохиса

-“ABU Робокон” олон улсын роботын тэмцээний үүх түүхээс хуваалцаач?

-Араи: “Робокон” төслийг анх Японы NHK телевиз 1991 онд санаачилсан. Дараагаар нь дэлхийн өргөн нэвтрүүлгийн хамгийн том сүлжээ байгууллага болох Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-д энэ төслийг дэмжиж өргөтгөх санал тавьсан. Ийн анхны “ABU Робокон” тэмцээн 2002 онд Японы нийслэл Токио хотод зохион байгуулагдсан. Энэ тэмцээнд инженер, технологийн чиглэлээр сурдаг, тэр чиглэлд сонирхолтой оюутнууд өөрийн бүтээж, технологийг нь хөгжүүлсэн роботуудаараа өрсөлддөг.

  Ёшида Такүши  

Ёшида Такүши

-Өмнөх 17 тэмцээн аль орнуудад зохион байгуулагдаж байв?

-Ёшида: Хамгийн олон удаа зохион байгуулсан орон гэвэл Япон, Вьетнам улс тус бүр гурав, Энэтхэгт хоёр удаа зохион байгуулсан. Мөн БНХАУ, Тайланд, Египет, Индонез, БНСУ-д зохион байгуулагдаж байсан.

-Тэмцээн зохион байгуулагч орны тал ямар давуу эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээдэг вэ?

-Араи: Зохион байгуулагч орны тал мэдээж тэмцээнийг амжилттай зохион байгуулах ёстой. Тэмцээний үеэр багийн даалгавар биелүүлж буй болон бусад бүх бичлэгийг чанарын өндөр түвшинд хийж, баримтжуулан “ABU Робокон” тэмцээний ерөнхий зохион байгуулах хороонд илгээх ёстой байдаг. Харин давуу эрхийн хувьд олон улсын роботын тэмцээнийг зохион байгуулагч орон хоёр хүртэлх багаа оруулах эрх эдэлдэг.

-“ABU Робокон” олон улсын роботын тэмцээнийг хэчнээн үзэгч үздэг вэ?

-Ёшида: “ABU Робокон” тэмцээний ихэнх үзэгч ахлах сургуулийн сурагч, оюутан, залуус байдаг. Давхардсан тоогоор 2000-3000 мянган үзэгч тэмцээн болж буй газарт очиж, үздэг. Урьдчилан хэлэхэд 18 дахь удаагийн тэмцээний хувьд хөгжөөн дэмжигч, оролцогч нийлсэн 2000 гаруй зочид төлөөлөгч Улаанбаатар хотод ирнэ гэсэн тоо бий.

-Олон улсын роботын тэмцээнд өмнө нь орж байсан оролцогчид технологийн салбарт хэдийн амжилт гаргасан байх?

-Араи: Энэ тэмцээний оролцогчдоос маш олон инженер, технологийн мэргэжилтэн төрөн гарч өдгөө “Хонда”, “Тоёота” корпорацад ажиллаж байгаа. Үүнээс гадна бие дааж IT технологийн чиглэлээр өөрийн компаниа байгуулж, амжилттай явж буй залуус зөндөө бий.

Ёшида: Мөн робот зохион бүтээх, хөгжүүлэх гарааны бизнес эхлүүлсэн мэргэжилтэн олон байгаа.

-“ABU Робокон-Улаанбаатар” тэмцээн өмнөх олон улсын роботын тэмцээнүүдээс юугаараа онцлог вэ?

-Араи: “ABU Робокон” тэмцээний дүрэм жил бүр өөр байдаг. Энэ удаагийн тэмцээний даалгавар Монгол Улсын түүх соёл, үндэсний онцлогийг илтгэсэн. Жишээлбэл, өртөө системээр гэрэгэ дамжуулж, мэдээ хүргэх даалгавар бий. Энэ даалгаврын талбай хангай, говь, уулын бүс, элсэн манхан болон сондуулаар Монголын байгалийн онцлогийг харуулж байгаа. Даалгаврын дүрэмд роботууд Монголын уламжлалт наадгай болох шагай хаях ёстой. Шагай хаяж морь буулгаснаар илүү өндөр оноо авах юм.

Мөн “ABU Робокон” тэмцээний түүхэнд анх удаа оролцогчид дөрвөн хөлтэй роботоор өрсөлдөнө. Дөрвөн хөлт робот Монголын эртний морьтой буухиа элчийг төлөөлж байгаа юм.

-Тэмцээний бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Та бүхэн ирээд ямар уулзалтад оролцов?

-Араи: Өнгөрсөн лхагва гарагт Монголд ирсэн. Пүрэв гарагт тэмцээний зохион байгуулалт, дүрмийн хурал зөвлөгөөнд оролцсон. Мөн тэмцээн болох газар, тэмцээнд оролцох гадны оролцогчид болон багийн байрлах буудлуудтай танилцсан. Бидний энэ удаагийн ирсэн ажлын зорилго бүтсэн. МҮОНРТ “ABU Робокон-2019” олон улсын роботын тэмцээний бэлтгэл ажлыг маш сайн хангасан байна.

-Монгол Улсад ирээд төрсөн сэтгэгдлээ хуваалцаач?

-Араи: Дөрөв дэх удаагаа ирж байна. Их хүйтэн байна. Би өмнө нь зун Монголд зочлоход цаг агаар маш сайхан, дулаахан байсан. Тэр үед ажил шахуу, зав муу байсан болохоор хөдөө явж амжаагүй. Монголд ахиад хэд хэдэн удаа ажлын шугамаар ирнэ. Тэр үедээ хөдөө талд очмоор байна. Мөн уулан дээр гарахыг хүсч байгаа.

-Ёшида: Улаанбаатар хот миний анх төсөөлснөөс өндөр хөгжилтэй, хүн ам их төвлөрсөн, олон барилга байгууламжтай хурдацтай хөгжиж буй хот гэдгийг мэдэрсэн.

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

-Баярлалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Share: