Өнөөдөр МҮОНР-ийн Цагаан лавайн студид “Робокон-2019 Улаанбаатар” роботын Үндэсний аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны техникийн зөвлөгөөн боллоо. 2019-р 02 сарын 23-ны өдөр товлогдсон хасагдах шатны тэмцээнд нийт 17 их дээд сургуулийн 22 баг оролцох мэдүүлгээ өгсөн байна. Робокон тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгаа нь оюутан залуус онолын мэдлэгээ амьдрал дээр бататган, шинэ техник технологийг ашиглан, инженерчлэлийн гайхамшгийг харуулсан робот бүтээхийг эрмэлзэх болсон нь энэ үеэр харагдаж байлаа.  Зөвлөгөөнийг “Робокон-2019 Улаанбаатар” Олон улсын роботын тэмцээнийг зохион байгуулах хорооны гишүүн, Олон Улсын Робокон тэмцээний ерөнхий шүүгч, МУИС-ийн ХШУИС-ийн багш докторант Ө.Батбаяр, Төслийн багийн орчуулагч, продюсер Г.Энхтөгс, Найруулагч Б.Мөнхжаргал нар удирдан явуулж тэмцээний зохион байгуулалт болоод дүрмийн талаар танилцуулж оролцогчдын асуултанд хариулт өгсөн юм. 

С.Бэлгүүнзаяа

Share: